Эдийн чанар, эзний хэрэглээ /Үнэт эдлэлийн арчилгаа
Эдийн чанар, эзний хэрэглээ /Үнэт эдлэлийн арчилгаа
2021-01-25 16:42

Нийтлэлийг

Г.Батцэцэг

Эдийн чанарыг эзний хэрэглээ тодорхойлдог

Авдар дүүрэн алт мөнгөгүй байсан ч эмэгтэй хүн болгонд зүүх бүртээ нэг л өөр оршихуйд орчихдог ид шидтэй эрдэнэс бий. Эмээгээс чинь өв уламжилж ирсэн шүрэн ээмгийг ч, хайртын чинь сүй тавьсны бэлгэдэл болгож өгсөн алмазан шигтгээтэй бөгжийг ч арчлах арга зүй нь өөр өөр. Хуучирсан, шинэ ямар ч үнэт эдлэлийг зохистойгоор арчлах тусам улам тод гялалзаж, эзэндээ дээд зэргээр гялбаа нэмсээр байдаг. Эдийн чанарыг эзний хэрэглээ тодорхойлдог гэдэг. 

Үнэт эдлэлийг маш олон хүн зүүдэг ч тэдгээрээс цөөн нь хэрэглээний боловсролыг эзэмшсэнээр чанарыг нь удаан хадгалдаг  байна.

Цуурсан үнэт эдлэлийг цэвэрлэх хэрэггүй

• Гар оролцсон ажил хийж байхдаа үнэт эдлэлээ тайлж байгаарай. Гал тогооны ажил, гэр цэвэрлэгээ гэх мэт.
• Нүүрээ будсаныхаа дараа л үнэт эдлэлээ зүүж байгаарай. Үсний лак, үнэртэй ус, лосьон зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн нь үнэт эдлэлийг сэвтээж, чанарыг нь алдагдуулдаг.
• Усан бассейн, спад орохдоо үнэт эдлэлээ ав. Усанд шингээсэн хлор нь металлыг урвалд оруулж үнэт эдлэлийн өнгө болон бүтцийг өөрчилдөг.
• Үнэт эдлэлийг зориулалтын даавуугаар арчиж байгаарай. Ялангуяа мөнгө болон алтан эдлэлийг өнгөлөгч тусгай даавуугаар арчих нь хамгийн сайн. Сальфетка, цаасан алчуур нь мяндсан бүтцээрээ үнэт эдлэлийг зурах магадлалтай.
• Гэмтсэн, цуурсан үнэт эдлэлийг цэвэрлэх хэрэггүй. Нэмэлт бодисууд нь асуудлыг улам томруулж мэднэ.
• Үнэт эдлэл авахдаа худалдагчаас нь арчилгааны талаарх зөвлөгөөг заавал авч байгаарай.
• Үнэт эдлэл бүрийг хөдлөсөн ч бие биетэйгээ харшилдахааргүй сав, тасалгаанд тус тусад нь хийж хадгална. Даавуун дотортой эрдэнэсийн хайрцагнууд хамгийн сайн сонголт. Хэрвээ тийм хайрцаг байхгүй бол гутлын савыг даауугаар бүрээд ч хийчихсэн болно. Байнга аялдаг, эсвэл ийш тийш томилолтоор явдаг бол жижиг аяны эрдэнэсийн хайрцганд хөрөнгө оруулахад гэмгүй.

• Гартаа тос түрхэхдээ үргэлж бөгж, бугуйвчаа тайлж байгаарай. Тэгвэл арьсны болон косметик тос, бохирдол үнэт эдлэлд чинь хуралдахаас сэргийлэх болно.

Алмазыг зөөлөн, хуурай даавуугаар арчина

Алт мөнгөн эдлэл

Ямар ч алт мөнгөн эдлэлийг гэрийн нөхцөлд ариутгагчгүй зөөлөн саван (содоор орлуулж болно), сойзоор угааж, хүйтэн усаар удаан зайлж хатааж цэвэрлэнэ. Агаартай урвалд орсноор мөнгөн эдлэл нь хөх, хар, хүрэн, алтан эдлэл нь шаргал, ягаан зэрэг өнгөтэй болдог.

Үүнийг нь сайн цэвэрлээд байвал үргэлж шинээрээ гялтайх болно. Харин цагаан алтны хувьд түүний байгалийн өнгө нь саарал бөгөөд родий түрхэж цагаан өнгийг нь гаргадаг. Гэхдээ тэр түрхлэг цагийн аясаар арилдаг бөгөөд үнэт эдлэлийн зарим дэлгүүрүүдэд аваачиж өгөөд дахин түрхүүлэх боломжтой.

Алмаз

Өөр ямар ч чулуунд эс гүйцэгдэх алмаз эрдэнэ нь байгаль дээрх хамгийн хатуу биет боловч бөгж, хүзүүний зүүлт зэрэгт шигтгэсний дараа цуурах, хагарахдаа харьцангуй эмзэг болдог. Хэрэв цэвэрлэж байхдаа болгоомжтой байхгүй бол алмазыг гэмтээж мэднэ. Алмазыг цэвэрлэхдээ зөөлөн багс, зөөлөн саван эсвэл аммиак хүйтэн усны 50/50 хувийн уусмалыг (цонх цэвэрлэгч) ашиглана. Хэрэв тусгай багс авч чадаагүй бол хөмсөг эсвэл уруул будахад зориулагдсан жижиг, зөөлөн үстэй бийрээр цэвэрлээрэй.

Уусмалаа жижиг түмпэнд юүлээд дотор нь алмазан эдлэлээ хийн хэдэн минут дэвтээж байгаад бийрээрээ үрж, үсийг нь тос, бохир цуглардаг чулууны доод хэсэгт оруулж цэвэрлэхийг хичээгээрэй. Дараа нь зөөлөн, хуурай даавуугаар арчина. Алмазыг хлор агуулсан бодист хүргэж болохгүй. Жич: Алмазын байгаль дахь чулуулгийн нэршил нь diamond бөгөөд зүсч, шигтгээ хэлбэрт оруулсныг нь brilliant хэмээн нэрлэдэг.

Эрдэнийн чулуу энергийг өөртөө шингээж дамжуулдаг

Бусад эрдэнийн чулуу

Болор болон эрдэнийн чулууд нь энергийг шингээх болон дамжуулах чадамжтай гэдэг нь батлагдсан. Тиймээс л эдэлж хэрэглэж байгаа эрдэнийн чулуудаа цэвэрлэж, сайтар арчилж түүнд хадгалагдах мэдээллийг шинэчилж, нөөц бололцоог нь хамгийн дээд хэмжээнд ашиглах юм.

Ариутган, цэнэглэх

Ариутгах үйл явц нь болор чулууг саармаг төлөв байдалд оруулдаг учраас хуралдсан сөрөг зүйлс нь цэвэрлэгддэг. Эзэн нь чулуун эдлэлээ бүх тохиромжгүй энергээс цэвэрлэж байгаа гэдгээ оюун санаандаа ухамсарлах нь чухал байдаг. Чулуун эдлэлийг ариутгах нь цэвэр сэтгэлийн үйлдэл юм.

1. Чулуугаа урсгал усны доор хэдэн минут барьж цэвэрлэнэ. Усыг харахдаа үнэт чулуудыг чинь далайн давлагаа цохиж буйгаар төсөөл.
2. 24 цаг, 3 хоног, 7 хоногийн аль нэгийг сонгоод сарны гэрэл дор чулуудаа тавьж энергийг шинэчилнэ.
3. Хэдэн сардаа нэг удаа энэ үйлдлийг давтана.

Үнэт чулуу сөрөг, эерэг долгионыг өөртөө татдаг

Үнэт чулууны мэдээллийг өөрчлөх 

Чулуун эдлэлийн долгион чамтай, чи түүний долгионтой таарах нийцлийг бий болгоход энэ үйлдэл нь тустай. 
- Чиний чулуу юунд зориулагдсаныг бодно: бясалгал, оюун санааны анхаарал төвлөрөл болон хөгжил, эдгэрэл гэх мэт...
- Чулуугаа баруун гартаа барьж байгаад нүдээ аньж, зулай дээрх тод гэрэлтсэн гэрэл биеэр чинь дамжин явсаар гар руу чинь орж чулуунд очиж буйгаар төсөөл.

Чулууд дундаас кварцыг маш олон электроник төхөөрөмжүүдэд ашигладаг. Цахилгааныг дамжуулах чанараараа энэ нь цаг, компьютерийн төвийн бүтцэнд оролцдог юм. Бүх кварц нь математикийн нарийвчлалтай, сараалжин хэлбэр бүхий атомоос бүрддэг. Кварц байгаль дээрх хамгийн нарийн зохион байгуулалт бүхий бүтэцтэй эрдэс. Иймээс кварц нь дотоод бүтцээрээ төгс төгөлдөр болон тэнцвэрийн бэлгэдэг болдог. Түүнийг хүний гараар зүсч, тодорхой хэлбэрт оруулахад болор нь эзнийхээ оюун санаатай холбогдох долгионыг үүсгэдэг байна. Яг л лазер шиг, кварц нь уялдаа холбоо бүхий энергийг цацруулдаг нь эд зүйл болон хүн рүү дамжих хүчтэй байдаг.

Эрдэнийн, үнэт чулууг усанд удаан байлгаж болохгүй

 

Чулуу болгон эргэн тойрноо өөрийнхөөрөө энергижүүлж оршдог агаад хүнийг тайвшруулах, амгалан болгох нөлөөтэй сөрөг ионуудыг ялгаруулдаг. Ялангуяа кварц нь эзнээ эерэг зүйл дээр төвлөрөхөд тусалдаг бөгөөд өөртөө байгаа нөөц бололцоогоо бүрэн дайчлахад нь дэм болдог юм. Мөн сэтгэл хөдлөл, бодол, хүслийн тэнцвэрийг бий болгодгоороо онцлогтой.

 

Үнэт чулуу нь сөргөөс эхлээд эерэг хүртэлх бүхий л долгионуудыг өөртөө татдаг. Мөн эргэн тойрныхоо зүйлсийн илэрхийлэл, үйл хөдлөлийг андахгүй. Чиний дөнгөж сая сонгосон чулуу чам дээр ирэхээсээ өмнө мянга мянган километрийг дамжсан байж мэдэх учраас тэр замдаа таарсан бүхий л сөрөг болон эерэг энергийг шингээсэн гэсэн үг. Тиймээс шинэ чулуун эдлэлээ усанд ариутгаж хэрэглээрэй. Цэвэрлэсэн чулууг хэзээ ч арчиж болохгүй, үүний оронд нарны гэрэлд юм уу өөрөөр нь хатаа. Мөн давсан дотор хэдэн цаг байлгаж болно.

 

Чулуу болгоны бүтэц нь нягтрал, бат бэх байдал, хүчил болон гэрэлд үзүүлэх урвал зэргээрээ ялгаатай. Гэхдээ ихэнх чулууг аяга таваг угаагч дусаасан усанд хийж угаахад өнгө орно. 15 минутаас дээш хугацаанд аль ч чулууг усанд байлгаж болохгүй гэдгийг санаарай. Опал чулуунд онцгой арчилгаа хэрэгтэй. Нарны хурц туяа, халуун хэмээс хол байлгахгүй бол тэдгээр нь опалд агуулагдах усыг ууршуулж, өнгийг алдуулж мэднэ. Сувд, оюу, аметист, шүр, молор нь нарны шууд тусгалын нөлөөгөөр байгалийн өнгөө алдаж, булингартдаг тул ийм чулууг битүү хайрцганд хадгална. Мөн эдгээр органик чулууг зөөлөн даавуугаар арчиж өнгө оруулаарай.